Эхлэл Vйл ажиллагаа Хууль эрх зvй "Бэлчээрийн тухай" хуулийн төслийн танилцуулга

Санал асуулга

Танд энэ вэб сайт ямар санагдаж байна вэ?
 

Фото цомгоос


"Бэлчээрийн тухай" хуулийн төслийн танилцуулга PDF Хэвлэх

“БЭЛЧЭЭРИЙН ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын нийт газар нутгийн 73 хувь нь бэлчээрийн газар бөгөөд эрдэмтэд судлаачид нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь доройтсон гэж үзэж байна.

1927 онд “Монголчууд тус улсын хязгаарын дотор нутаг билчээрийг эдлэх түр дүрэм”, 1935 онд “Билчээр усыг эдлэх тухай түр дүрэм”, 1942 онд “БНМАУ-ын газар эдэлбэрийн тухай хууль”, 1971 онд “БНМАУ-ын газар эдэлбэрийн хууль”, 1994 онд “Газрын тухай хууль”, 2002 онд “Шинэчлэн найруулсан газрын тухай хууль”-аар тус тус бэлчээрийн харилцааг зохицуулсаар ирсэн төрийн бодлогын түүхэн уламжлал бий.

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй “Газрын тухай” хуулийн 52 дугаар зүйлд “бэлчээр, түүнийг зохистой ашиглах, хамгаалах” нэртэйгээр бэлчээрийн харилцааг зохицуулж байна.

Нэг талаар хүний буруу үйл ажиллагааны улмаас бэлчээр талхлагдан доройтох явдал улам бүр нэмэгдэж, нөгөө талаар дэлхий даяар явагдаж буй уур амьсгалын дулаарал, өөрчлөлтийн улмаас байгаль цаг уурын эрсдэлтэй үзэгдэл, гамшгийн давтамж ихсэх хандлагатай боллоо.

Төрийн өмчийн бэлчээр дээр хувийн өмчийн мал аж ахуйг эрхлэх болсон өнөөгийн нөхцөлд хүчин өтгөлдөр үйлчилж буй Монгол улсын газрын тухай хуулийн зохицуулалт нь бэлчээр ашиглалтыг эмх цэгцгүй, чөлөөтэй, өрсөж ашиглах замаар доройтуулах нөхцлийг бүрдүүлж байна.

Сүүлийн үед малчдын зүгээс малчид бэлчээрээ тодорхой зохион байгуулалттайгаар хамтран ашиглах, суурин болон хагас суурин мал аж ахуй эрхлэх сонирхол нэмэгдэх хандлагатай байна.

Дээрх нөхцөл байдлын улмаас малчдын өдөр тутмын үйлдвэрлэлийн гол хүчин зүйл болсон бэлчээрийг нийтээр дундаа үнэгүй ашиглах уламжлалт аргаар зохицуулах нь өнөөгийн нийгмийн шаардлагад төдийлөн нийцэхгүй байна. Цаашид бэлчээрийг нийтээр ашиглаж буй одоогийн арга ажиллагааг улам бүр боловсронгуй болгохын зэрэгцээ өөрийн эзэмшил газар, бэлчээр бүхий фермерийн аж ахуйг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн чухал юм.

Иймд Монгол орны бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх цаашдын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан бэлчээрийн харилцааг тусгайлан зохицуулсан бие даасан хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэхүү шаардлагыг үндэслэн Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооноос 5 жил хэрэгжүүлсэн бэлчээрийн ашиглалт, зохион байгуулалтын талаар хийсэн туршилт, судалгааны ажлын үр дүн, хуримтлуулсан туршлагад тулгуурлан бэлчээрийн харилцааны эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх зорилгоор Бэлчээрийн тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулсан юм. Хуулийн төслийн үзэл баримтлал, агуулга, зарчмыг хэлэлцүүлж санал бодлыг нь тусгах зорилгоор 2009 онд тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлэгт аймгийн Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчны алба, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллагын холбогдох мэргэжилтний төлөөлөл оролцсон болно. Мөн хөдөө орон нутгийн 9 аймгийн 55 сумын малчдын төлөөлөл хамрагдсан хэлэлцүүлэг хийж тэдний саналыг тусгалаа. Түүнчлэн “Зууны мэдээ”, ”Бэлчээр-Ногоон алт” зэрэг сонинд хуулийн төсөл, үзэл, баримтлалыг нийтлүүлж, иргэдийн саналыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэгт тусгасан болно. “Бэлчээрийн тухай” энэхүү хуулийн төсөл нь 4 бүлэг, 20 зүйл, 209 заалттай юм.

Хуулийн төслийн Нийтлэг үндэслэл гэсэн нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, бэлчээрийн тухай хууль тогтоомж, хуулийн нэр томъёоны тодорхойлолт, бэлчээрийн талаарх төрийн чиг үүрэг, зарчим, бэлчээр ашиглалтын ангилал, хил тогтоох зэрэг асуудлыг тусгав.

Бэлчээрийн харилцааны талаарх төрийн болон малчдын өөрийгөө удирдах байгууллагын бүрэн эрх гэсэн хоёрдугаар бүлэгт бэлчээрийн харилцааны талаарх төрийн байгууллагын бүрэн эрх болон малчдын өөрийгөө удирдах байгууллага /бэлчээр ашиглагчдын хэсэг болон сум, дүүрэг, аймаг, улсын хэмжээний бэлчээр ашиглагчдын холбоо/-ын тогтолцоо, бүрэн эрхийн асуудлыг тусгалаа.

Бэлчээрийг эзэмшүүлэх, ашиглуулах гэсэн гуравдугаар бүлэгт бэлчээр эзэмшүүлэх, ашиглуулах, бэлчээр эзэмших, ашиглах тухай хүсэлт гаргах, эзэмшүүлэх, ашиглуулах бэлчээрийн хэмжээ, байршил, хугацаа, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах, гэрээ байгуулах, эзэмшигч, ашиглагчийн эрх, үүрэг, бэлчээр эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, бэлчээр эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, бэлчээрийг чөлөөлөх, бэлчээр ашигласны төлбөр, бэлчээрийг эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, бэлчээрийг эзэмших, ашиглахад хориглох зүйл зэрэг асуудлуудыг тусгасан болно.

Бусад зүйл гэсэн дөрөвдүгээр бүлэгт бэлчээртэй холбогдох маргааныг шийдвэрлэх, бэлчээрийн тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох зэрэг асуудлуудыг тусгалаа. Энэ хуулийн төсөл батлагдан гарсанаар бэлчээрийн харилцааны эрх зүйн зохицуулалт, орчин тодорхой болж хууль хэрэгжих бололцоо бүрдэж байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулахад зохих хувь нэмэр оруулах болно.

Хуулийн төсөл санаачлагчид

 

Зочдын тоо

Одоогоор 4 зочин холбогдсон

Чухал холбоосууд

msrm.mn © 2008 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.