Эхлэл

Санал асуулга

Танд энэ вэб сайт ямар санагдаж байна вэ?
 

Фото цомгоос


Манай байгууллагын вэб хуудсанд саатан морилж байгаа таньд баярлалаа.

 

 

Монгол улсын газар нутгийн 72,1 хувь буюу 112,8 сая га нь бэлчээр, хадлангийн талбай юм. Энэхүү байгалийн арвин баялаг, нөхөн сэргээгдэх нөөц “Ногоон Алт-Бэлчээр нь Монгол орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс юм.

Манай улс 2007 оны жилийн эцсийн тооллогоор 40.3 сая малтай болж мал аж ахуйн салбар нь дангаараа дотоодын нийт бүтээгдэхүүний 21 хувь, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 90 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний гуравны нэгийг ажлаар хангаж, 1 наяд орчим төгрөгний өртөгтэй тэнцэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг зарах, борлуулах, тээвэрлэх, ачих, буулгах, хадгалах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг оролцуулбал Монголын хүн амын дийлэнхи хэсэг мал аж ахуйн салбарт ажиллаж амьжиргааных нь үндсэн эх сурвалж болж байна.

Эх орныхоо дотоодын төдийгүй гадаадын зах зээлийг түүхий эд, хүнсний аюулгүй, чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломж, нөөц бололцоо чухам л МАА-н салбарт байна. Малчин хүн өглөө босоод малаа хааш нь бэлчээхээ, уул нугын, ус ширгийн, хээр талын, хэц хярын аль бэлчээрт хэдийд, яаж хариулахаа урьдаас төлөвлөн, нүүж сууж ирсэн уламжлалтай билээ. Тиймээс өвгөд дээдэс минь, малаа онд мэнд, тарган тавтай оруулъя гэвэл бэлчээр, усаа бэлэнчилж бүү талхал, ариг гамтай ашигла, бэлчээр бол бэлэн нөөц хэмээн хойч үедээ сургасаар, сургамжилсаар ирсэн.

Бэлчээрийн даац хэтрэх, эмх замбараагүй ашиглалт, уст цэгийг тойрон нүүлгүй удаан хугацаагаар ашиглах, олон салаа зам гаргах, уул уурхайн салбарын олборлосон газрын нөхөн сэргээлтийг хийдэггүй, тариалангийн ашиглалтгүй хаягдсан талбай, бэлчээрийн хортон, мэрэгч амьтдын нөлөө, усан хангамжийн дутагдал зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэйгээр дуусаж дундаршгүй баялаг болох бэлчээр доройтож дахин сэргэхгүй байдалд тулж ирээд байна.

Байгалийн хадлан, бэлчээрийн хэвийн нөхөн сэргээлтийг ханган мал аж ахуйн үйлдвэрлэлийн өсөлтийг хангаж, үр ашгийг дээшлүүлэн өнөөгийн болон хойч ирээдүй үеийнхээ урт удаан хугацаанд сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх нь та бидний эрхэм зорилго билээ.

Манай вэб өөрийнхөө хуудсаар ХАА-н салбарын эрдэмтэн мэргэд, ахмад хийгээд залуу малчдынхаа уйгагүй арга ажиллагаа, хичээл зүтгэл, оюуны ширгэшгүй баялгаар бий болсон бэлчээр нутгаа хамгаалан, зөв зохистой ашиглаж ирсэн арвин туршлага, судалгаа, шинжилгээний шинэ сэргэг бүтээл, гарын авлагыг ажил, амьдралдаа бүтээлчээр хэрэглэж, өгөөж, үр шимийг нь хүртэхэд чухамдаа холбох гүүр нь болж, арга зүйн болоод мэргэжлийн үнэтэй зөвлөгөө өгөх, хаана, хэн бэлчээрээ хэрхэн, яаж зөв зохистой ашиглаж буй үүсгэл, санаачилга болгоныг түгээн дэлгэрүүлэх, бэлчээр нутгаа ашиглах хууль, эрх зүйн сурталчилгаа, экологийн боловсрол олгох шинжлэх ухааны хялбарчилсан өгүүлэл, шинэ сэргэг мэдээлэл хүргэх улмаар өргөн олныхоо санаж сэтгэж, хүсэн хүлээж, мөрөөдөж байгаа болгоныг та бүхэнд хүргэхэд нээлттэй байх болно гэдгийг итгэл төгс илэрхийлж байна.

Эрхэм олон та бүхэндээ бидэнтэй хамтран ажиллаж, шинэ бүхнийг дэмжин дэлгэрүүлнэ хэмээн итгэж буйгаа энэ ялдамд уламжилъя.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Проф Д.Дорлигсүрэн

МБМХ-ны гүйцэтгэх захирал,

 

 

Зочдын тоо

Одоогоор 4 зочин холбогдсон

Чухал холбоосууд

msrm.mn © 2008 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурьдана.